ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

  Өнөөгийн байдлаар Монгол Улсад орон нутгийн иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан байгаль хамгаалах чиглэлийн 1629 нөхөрлөл, 41.3 мянган гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

   Нутгийн иргэдийн үүсгэл санаачлагад тулгуурласан байгаль хамгаалах нөхөрлөл, малчдын бүлгүүд үүсч хөгжөөд даруй 15 жилийн хугацаа өнгөрч, нөхөрлөлүүд тодорхой үр дүн ахиц дэвшилд хүрч буй хэдий ч тэдний өмнө шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд бий болжээ. Төрөөс анхаарал хандуулж, бодлогын түвшинд шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх тодорхой ажил цөөнгүй байна.

   Иймд байгаль хамгаалал, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн ТББ-ууд, эрдэмтэд судлаачид, зарим нөхөрлөлийн төлөөлөл хамтран “Нөхөрлөлүүдийн Үндэсний холбоо”-г 2014 оны эцсээр санаачлан байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Холбооны үндсэн зорилго нь:

-    Гишүүд, гишүүн байгууллагынхаа хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, үндэсний хэмжээний нэгдсэн сүлжээг бий болгож, төрөөс байгаль орчныг хамгаалах чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааг улс орон даяар хамтран зохион байгуулах;

-    Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэднийг чадавхижуулах чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж, бүх талын оролцоог хангаж ажиллах;

-    Нөхөрлөлүүдийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг, мэргэжил арга зүйн туслалцааг холбооны зүгээс тогтмол үзүүлж ажиллах;

-    Байгалийн нөөцийн хамтын менежментэд оролцогч бүх талын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах;

-    Гишүүд, гишүүн байгууллагатай холбоотой аливаа мэдээ мэдээлэл, судалгаа, тоо баримтаар шаардлагатай байгууллагуудыг хангаж хамтран ажиллах;

-    Байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийн хамтын менежментийн үндэсний чадавхийг бүрдүүлэх чиглэлээр яам, түүний харъяа байгууллагуудаас санаачлан хэрэгжүүлж буй аливаа чуулга уулзалт, хурал зөвлөлгөөн, яриа хэлэлцээр, сургалт семинар, төсөл хөтөлбөрийг холбооны зүгээс дэмжин хамтран зохион байгуулж ажиллах зэрэг болно.

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлж, нөхөрлөлүүдийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай орны хувьд байгаль орчноо хамгаалж, унаган төрхөөр нь хадгалж авч үлдэх, хяналт тавих чухал арга хэрэгсэл байх нь дамжиггүй билээ.