ХУРГАЛАГ нөхөрлөл

Эх зөгийг зохиомлоор хээлтүүлэгчид

Энэхүү төсөл хэрэгжүүлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин бүсгүй Д.Оюунгэрэл нөхөрлөл байгуулснаар нутгийнхаа ой мод, байгаль орчноо хамгаалах ажлын үр нөлөөг дээшлүүлж болохыг нутаг усныхантайгаа ойлголцсоны үр дүнд 2006 онд нутгийн иргэдийн “Хургалаг” ойн нөхөрлөл байгуулж, орчны нутгийнхаа ойг хамгаалах, нөхөрлөлийн ойн менежментийг хэрэгжүүлэх, модны хулгайтай тэмцэх, таслан зогсоох зорилт тавин ажиллаж, ой бүхий 4,5 мян.га газрыг гэрээгээр эзэмшиж, эзэмшлийнхээ талбайд нөхөрлөлийн гишүүд эргүүл харуулд гарч, хулгайн мод бэлтгэл, ойн түймэр зэргээс сэргийлэн хамгаалах, ойн цэвэрлэгээ хийх, ойн нөхөн сэргээлтэд мод тарих зэрэг ажлыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хийж байгаагийн дээр нутгийнхаа иргэдэд сургалт сурталчилгаа явуулах мэдээллийн төвийн байр, ойн хяналтын пост зэргийг бариж байгуулаад тогтмол ашигладаг болжээ. Ийнхүү “Хургалаг” ойн нөхөрлөлийнхөн ажил үйлсээрээ бусад нөхөрлөлүүдийг манлайлан үлгэрлэх болжээ.

Нөхөрлөлийн ахлагч Д.Оюунгэрэл байгаль орчны Эко-Ази дээд сургуульд эчнээгээр суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэний үндсэн дээр нутгийнхаа байгаль, ой, ан амьтан хамгаалахаар нутгийн иргэдийн нөхөрлөл байгуулан чацарганы төгөл байгуулсны зэрэгцээ зөгий үржүүлэн мод огтолж амьдрахаас өөрөөр амьдарч болохыг нутаг усныхандаа харуулах зорилт тавижээ.

Ийнхүү ойн нөхөрлөлийнхөө ололт амжилтыг улам бататгаж байгаль орчиндоо сөрөг нөлөөгүйгээр аж төрөх, гишүүдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх арга замын эрэл хайгуул хийж, зөгийн аж ахуй эрхлэж үр ашгийг нь хүртэхээр ажилласан байна.

Байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх арга замын эрэл хийх явцдаа, Хэнтийн нурууны баруун хэсэг, Мандал сумын Тарни, Үнэгт, Хургалаг орчмын нутаг зөгийн бэлчээрт нэн тохиромжтой болохыг ойлгож мэджээ.  Мөн ОХУ-ын хил залгаа нутгийн байгаль хамгаалагчид оршин суугаа газрынхаа ой мод, амьтан, ургамлуудыг хамгаалалтадаа байлгадаг болохоор зөгий тэжээж өрхийнхөө орлогын гол эх үүсвэр болгодгийг үзсэн байна.

Балт зөгий нь цэцгийн тоос хүртээж ургамлын ургацыг нэмэгдүүлдэг байгальд ач тустайн дээр хүнс, эдийн засгийн давхар ач холбогдолтой шавж болохыг ойлгож, байгаль орчноо хамгаалах, ахуй амьдарлаа дээшлүүлэх зорилтоо хамтад нь шийдвэрлэх арга зам гэдэгт тэд итгэл үнэмшилтэй ажиллан зөгийн аж ахуй эрхлэх, эх зөгийг зохиомлоор хээлтүүлэх энэ төслөө хэрэгжүүлжээ.

Эх зөгий нь хэд хэдэн эр зөгийтэй нийлүүлгэд ордог бол эр зөгий нь эх зөгийтэй нэг л удаа нийлүүлгэд ороод үхдэг тул чухам аль бүлийн эр зөгийтэй нийлснийг нь тогтоох боломжгүй байдаг учир балт зөгий үржүүлгийн  ажилд тухайн төрөл зүйлийг хамгаалж хадгалах, хяналт тавихад хүндрэл учирдаг байна.

Иймийн учир эрдэмтэд, судлаачид зөгий хээлтүүлгийн оновчтой арга хэлбэрийг эрж хайх явцдаа зохиомлоор хээлтүүлэх хийх аргыг хэрэглэх болжээ. 

Зохиомол хээлтүүлэг нь эх, эр зөгийн нийлүүлгэд хяналт тавих боломжийг олгодог төдийгүй үржил-селекцийн ажлын үр дүнг дээшлүүлдэг байна. Тухайлбал:

  • Зохиомол хээлтүүлгийн арга нь зөгийн үүлдрийн чиглэлийг үржүүлгийн явцад цэврээр хадгалж үлдэх, шинэ төрөл зүйлийн зөгийг гарган авах, тодорхой төрөл зүйлийг нийлүүлгэд оруулах үндсэн арга зам болдог байна.
  • Ердийн нөхцөлд эх зөгийг хээлтүүлэхэд цаг агаарын таагүй байдал ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг бол зохиомлоор хээлтүүлэх үед бороо, хүйтнээс үл хамааран нийлүүлгийн ажлыг амжилттай явуулах боломжтой.
  • Зохиомол хээлтүүлгийн тусламжтайгаар хавар эрт хээлтэй эх зөгий гарган авах асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна.
  • Эх зөгийнүүд ердийн хээлтүүлгийн нислэгт гарах үедээ 50% хүртэл хорогддог бол зохиомол хээлтүүлгийн үед эх зөгийн хорогдол 10%-аас хэтэрдэггүй байна.

Манай улсад эх зөгийг зохиомлоор хээлтүүлэх ажлыг хийж байгаа Дархан–Уул аймгийн иргэн С.Баатарсайхан ахлагчтай зөгийчдийн бүлэгтэй хамтран  ДДБОС-гийн ЖТХ-ийн дэмжлэгтэй төслөө хэрэгжүүлжээ. Төсөл хэрэгжүүлэгч бүлэгт Зөгийн аж ахуйд 5-34 жил ажилласан мэргэжилтэн 5 гишүүн ажиллажээ. Бүлгийн ахлагч С.Баатарсайхан нь Шаамарын МСҮТ-д багшаар ажилладаг, зөгий хэмээх гайхамшигт шавжийн үр ашгийг хүртэх арга замын асуудлаар олон жил ажиллаж, зөгийчдийн сургалтууд зохион байгуулж олон шавьтай болсон, арвин мэдлэг дадлагатай ахмад юм. С.Баатарсайхан ахлагчтай бүлэг нь бүс нутгийнхаа зөгийчдийг өөрийн орны сэмжээр хангах, хээлтэй эх зөгий гаргаж, зөгийн аж ахуйнуудын  үр ашгийг дээшлүүлэх зорилт тавиад ажиллаж байна. 

Энэ төслөө хэрэгжүүлэх хүрээнд дор дурьдсан үйл ажиллагаа явуулжээ.

- Зөгийн аж ахуй эрхлэх талаар өргөн мэдлэг, арвин туршлагатай С.Баатарсайхан багштай хамтран ажиллахаар тохиролцож, түүний зөвлөмжийн дагуу ажиллажээ.

- Эхний ээлжинд 15 бүл зөгий, зөгийн арчилгаа, үржүүлэг, эмчилгээнд шаардлагатай эм бэлдмэл, багаж хэрэгсэлүүд, тухайлбал: бал ялгагч, сэмж, үүр хайрцаг, төмөр бүслүүр, идүүр, зөгийн үүрийн үүд зэрэг шаардлагатай зүйлсийг худалдан авч зөгийн аж ахуйнхаа суурийг тавижээ.

- Туршлагатай мэргэжилтний тусламжтайгаар зураг төсөв гаргаж, бэлтгэл хангасны үндсэн дээр зөгийн өвөлжөөний байр болон зөгийг малаас хамгаалах хашаа бариад ашиглаж байна.

- Бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр эх зөгийг зохиомлоор хээлтүүлэх ажлаа хийж эхлэсэн байна.

- Хургалаг орчмын нутаг нь үзэсгэлэнтэй байгальтайн дээр эмийн болон балт ургамлын арвин нөөцтэй, хамгаалж зөв зохистой ашиглах шаардлагатайг харгалзан эмийн ургамлуудыг таниулж мэдүүлэх, зөв зохистой ашиглах үзүүлэх сургуулийг мэдлэг туршлагатай мэргэжилтнүүдийн оролцоотой зохион байгуулсан нь нутгийн иргэдэд хүрээлэн байгаа орчны нь үнэ цэнийг таниулан мэдүүлэх, ой модноос бусад байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглаж өрхийн орлогоо нэмэгдүүлэх бас нэгэн боломж байгааг ойлгуулж мэдүүлсэн байна.                   

Энэ төсөл хэрэжсэнээр дор дурьдсан үр дүнд хүрчээ. Үүнд :

- Байгаль, ой, ан амьтанаа хамгаалан хадгалж, зөгий үржүүлэн мод огтолж амьдрахаас өөрөөр амьдарч болохыг нутаг усныхандаа харуулан ойлгуулжээ.

- Зөгий үржүүлж байгаа газарт ургамлын экосистем сайжирч, хүн байгаль хоёрын хүйн холбоо улам бэхжиж, нутгийн иргэдийн байгаль хамгаалах сэтгэлгээнд өөрчлөлт оруулж, байгалиа хамгаалах хүсэл сонирхол нь нэмэгдсэн байна.

- Эх зөгийг зохиомлоор хээлтүүлэх арга технологийг эзэмшиж хэрэгжүүлснээр дор дурьдсан үр дүнд хүрчээ.  Үүнд: 

  • Эр зөгийн бүлийг шилэн сонгож хээлтүүлснээр тухайн бүлийн шилдэг үзүүлэлтүүдийг удамшуулан үлдээж, шилдэг бүл бүрдүүлэх нөхцөл бүрдсэн.
  • Монгол орны байгаль цаг уурт зохицсон, нутагшсан үүлдрийн зөгийг цэврээр үржүүлэх бүрэн боломжтой болсон.
  • Хээлтэй эх зөгийг нэг дор олноор гаргаж авах боломж бүрдсэн.
  • Шинээр хээлтүүлсэн эх зөгийн тоогоор шинэ бүл бүрдүүлэх боломжтой болсоны дээр физиологийн хөгшрөлтөд орсон эх зөгийг сольж бүл, бүлэнцэрийн сүргийн бүтцийг сайжруулах боломж бий болсон
  • Зөгийн аж ахуй эрхлэгчдэд хээлтэй эх зөгий нийлүүүлэх боломж бүрдүүлснээр суурь бүрт үржлийн ажил хийж цаг хугацаа алдахгүй болно.
  • Шинээр зөгийн аж ахуй эрхэлж байгаа албан байгууллага, бизнес эрхлэгчидэд хямд үнэтэй олон бүл зөгийтэй болох боломж бий болсон.
  • Гадаадаас шилдэг үүлдрийн эх зөгий нэг ширхэг, тухайн үүлдрийн эр зөгийн үрийг захиалан авчирч хээлтүүлэг хийж цэврээр үржүүлэх боломж бүрдэнэ. Ийнхүү маш хямдхан шилдэг зөгийтэй болох боломжтой болно.
  • Гадаадаас өндөр өртөгтэй бүл зөгий худалдан авах шаардлага багасна.
  • Гадаадаас худалдан авах зөгийн хамт төрөл бүрийн халдварт болон халдваргүй өвчин эмгэг дагалдан ирж тархах нөхцлийг багасгана.

Байгаль цаг агаараас шалтгаалан эх зөгийн хээл авалт саатдаг үзэгдлийг арилгах боломж бүрдэнэ.