АЛТАН ЗОРИГ нөхөрлөл

Байгалиа хамгаалж ашиг орлогоо нэмэгдүүлэгсэд

Үзэсгэлэн төгөлдөр байгальтай Хан Хэнтийн нуруунд, олон улсын ач холбогдол бүхий Амар мөрний сав газрын эхэнд, Чингис хааны төрсөн газар зэрэг түүхийн дурсгалт газруудын дунд оршдог Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн иргэдийн “Алтан зориг” нөхөрлөлийнхөн нутгийнхаа иргэдийн оролцоонд түшиглэн аялал жуулчлал хөгжүүлж, байгальд ээлтэй зөгийн аж ахуй эрхлэж хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүйгээр орлогоо нэмэгдүүлэх төсөл боловсруулж, ДДБОС-гийн ЖТХ-ийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ.

“Алтан зориг” нөхөрлөлийнхөн Балж голын сав газарт, Дадал сумын төвөөс 8 км, Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогоос 6 км-ийн зайтай нутагладаг, байгалийн болон түүх соёлын дурсгалтай танилцуулах танин мэдхүйн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутагт оршин амьдардаг боломжоо ашиглах замаар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа сайжруулах боломж байгааг ашиглах шаардлага тулгарч байгаад санал нэгджээ. Дадал сумыг зорьсон гадаад дотоодын аялагч жуулчлагчид, амрагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа боловч тэдэнд аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг байгууллага тус суманд байхгүйгээс аялагч жуулчлагчид дуртай газраараа янз бүрийн машинаар давхиж хөрс ургамлыг сүйтгэх, тааралдсан газартаа буудаллаж хоноглох, хог хаягдлаа хаях зэргээр байгалийг бохирдуулан доройтуулж, байгалийн баялгийг зүй бусаар ашиглаж сүйтгэх болсон байна. Иймд унаган нутгийнхаа байгалийг хамгаалж, аялал жуулчлалын үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлдэг болох нь нутгийн иргэдийн өөрсдөө санаачлан хэрэгжүүлэх шаардлагатай нэн түрүүний зорилт гэж тэд үзсэн байна.

   

Хэнтийн нурууны салбар уулс, Онон Балжийн голуудын сав газарт зөгийн бэлчээрт ашиглах балт ургамал бүхий талбай ихтэй учир 1974 оноос эхлэн зөгий үржүүлж, арвин их бал хураан авдаг байсан боловч зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн жилүүдэд устаж үгүй болсон юм байна. Иймд энэхүү төслийг хэрэгжүүлэгч Д.Бөхбилэг нь зөгийчнөөр ажиллаж байсан мэдлэг туршлагадаа тулгуурлан зөгий үржүүлж байсан уламжлалаа сэргээж, эхнэр, хүүхдүүддээ болон нутгийнхандаа зөгий үржүүлж, орлогоо нэмэгдүүлэх арга замыг зааж сургах, улмаар нутагтаа зөгий сонирхогчдын тоог нэмэгдүүлэхээр шийджээ.

 “Алтан зориг” нөхөрлөлийнхөн энэхүү төслийг хэрэгжүүлэхээр дор дурьдсан үйл ажиллагаа явуулсан байна. Үүнд:

-  Юуны өмнө жуулчин хүлээн авч үйлчлэх газрын байршлыг аялагч жуулчлагчдад тав тухтай, ялаа шумуулаас хол зөв сонгох, жуулчдад үйлчлэх зам харилцаа зэрэг дэд бүтцийг шаардлагын хэмжээнд шийдвэрлэх зэрэг асуудлуудыг судалсны үндсэн дээр хийж гүйцэтгэх ажлуудаа нарийвчлан төлөвлөөд хэрэгжүүлжээ.

- Аялагч жуулчлагчдыг хүлээн авах зориулалт бүхий 8м х 8м хэмжээтэй 4 өрөө бүхий байр, ариун цэврийн өрөө бүхий 3 байр, 5м х 7м хэмжээтэй хоол бэлтгэх байр бүхий хоолны заал, мөн  5м х 7м хэмжээтэй саун, угаалгын газар зэрэг барилга байгууламжуудыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд нөхөрлөлийн гишүүд болон нутгийнхаа иргэдийн хүчээр бариж ашиглалтад оруулсан байна.

- Эхний ээлжинд 3 гэрийн буйр засаж янзлан шороог нь дагтаршуулсаны дараа цементэн зуурмагаар өнгөлж, дараа жилд нь гэрүүдээ бариж ашиглаж эхэлжээ.

-Жуулчны баазынхаа орчны талбайг тохижуулж, мод тарих ажлыг хийж байна.

-Жуулчдад үзүүлэх аяллын үйлчилгээнийхээ төрөл, маршрутыг тогтоосны үндсэн дээр бэлтгэлээ хангажээ. Ходок тэргээр хийх аялал, усан аялал ба загасчлал, морин аялал, явган аялал гэсэн 4 төрлийн аялалын маршрут тогтоож, ходок тэрэг, завь зэрэг шаардагдах зүйлсийг олж бэлтгэлээ хангасан байна.  

- Тогоочоор ажиллах хүмүүсээ тогоочийн мэргэжил олгох дамжаанд сургасны дээр нөхөрлөлийн гишүүдэд жуулчдад зориулсан хүнсний бүтээгдэхүүн, хоол унд бэлтгэх, жуулчдад үйлчлэх зочлох арга ажиллагааны сургалт зохион байгуулжээ.

  Ийнхүү бэлтгэлээ хангасны үндсэн дээр амрагч аялагч жуулчлагчдыг хүлээн авч үйлчлэх ажлаа эхлэснээс хойш тогтвортой ажиллаж байна.

-Дархан-Уул аймгийн Орхон сумын зөгийчдийн холбооноос 10 бүл худалдан авч, ахмад зөгийчин Бөхбилэг өөрөө арчилж маллан, зөгийнүүд нь дасан зохицож нутагшин хэвийн бойжиж байна.

-Мөн зөгийчин Бөхбилэг Дархан-Уул аймгийн Орхон суманд зохиогдсон зөгийчдийн сургалт зөвлөгөөнд оролцож, зөгийн өвчин хортонтой тэмцэх, өрхийн хэмжээнд зөгий үржүүлэх аргын талаар бусад зөгийчдийн туршлага судлан суралцасаны дээр 4 эх зөгий худалдан авч, зөгийн бүлийнхээ цусыг сэлбэх ажил хийжээ.

-Мөн зөгийн өвөлжөө барих ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Зөгийн өвөлжөө нь 4метр өргөн, 5метр урт, 2метр өндөр хэмжээтэй бөгөөд эрэг газрын өвөр талд нөмөр газар ухаж дүнзээр доторлож, үүдэнд нь тамбур өрөөтөй барижээ.

         Энэхүү төслийг хэрэгжүүлснээр дор дурьдсан үр дүн гарсан байна. Үүнд:

-Аялагч жуулчлагчдыг тогтмол хүлээн авч үйлчлэн, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх ажлын эхлэл, үлгэр жишээ болж байна.

-Нутгийн иргэдийн байгалиа танин мэдэх, сурталчлах мэдлэг, байгаль хамгаалах идэвхи санаачлага эрс дээшилжээ.

-Зөгий үржүүлж, байгальдаа ээлтэй аргаар орлогоо нэмэгдүүлж болохыг нутгийн иргэд ойлгож, зөгий сонирхогчдын тоо нэмэгджээ.

- Ой мод, амьтан ургамлаа хамгаалж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа сайжруулах боломж байгааг үзүүлж харуулжээ.