ЧИНМЭНД нөхөрлөл

Орчноо хамгаалан сэргээж, орлогоо нэмэгдүүлэгсэд

Өвөрхангай аймгийн П.Чимэг ахлагчтай эмнэлэг, амралт сувилалын үйл ажиллагаа явуулдаг “Чинмэнд” нөхөрлөлийнхөн 2004 оноос Зүүнбаян улаан сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт Бичигт хадны орчимд гүүний саамаар эмчлэх сувилал ажиллуулахын зэрэгцээ нутгийн иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн сургалт явуулах, сүү цагаан идээг нь худалдан авч орлогыг нь нэмэгдүүлэх зэргээр хамтран ажиллах болжээ.

Зүүнбаян улаан сумын Бичигт хадны орчмын нутаг байгалийн үзэсгэлэнтэй газар учир тур амрагч, аялагчид олноор ирж, орчны газрын хөрсийг талхлан доройтуулах, олон салаа зам гаргах, хог хаягдлаар бохирдуулах зэргээр байгаль орчныг доройтуулах болсоны дээр сүүлийн жилүүдэд энэ орчмоос хулгайгаар мод бэлтгэж ой модыг ихээхэн сүйтгэж байгаагаас шалтгаалан голын урсац татарч, өвс ургамлын гарц муудаж, малын бэлчээр доройтож байжээ. Мөн энэ орчмын ойгоос бэлтгэсэн модыг тээвэрлэх ганцхан гарц зам нь Бичигт хадны нутгаар дайран өнгөрдөг учир хулгайгаар мод бэлтгэж тээвэрлэх зөрчлийг таслан зогсоох тааламжтай нөхцөл орчинтой юм. Ийнхүү энд байнга нутаглан амьдардаг Ганбаатар ахлагчтай 8 малчин өрхийн 18 иргэний санаачилсан Бичигт хадны орчмын үзэсгэлэнт байгалиа хамтран хамгаалж, байгальдаа сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ажиллаж амьдрах саналыг Чинмэнд нөхөрлөлийнхөн хүлээн авч, “Дөлгөөн байгаль, дэлгэр амьдрал” төсөл боловсруулж,  ДДБОС-гийн ЖТХ-ийн төслийн хүрээнд хэрэгжүүлжээ.

“Дөлгөөн байгаль, дэлгэр амьдрал” төслийг хэрэгжүүлэх хүрээнд дор дурьдсан үйл ажиллагаа явуулжээ.

Үүнд:

  • Бичигт хадны орчмын газрын хүний нөлөөнд их өртдөг хэсгийг хайсан хашаагаар, малын хөл ихтэй хэсэгт өргөст торон хашаа бариж хамгаалжээ.
  • Бичигт хадны орчмын 2 булагийн эхийг хамгаалах хашаа бариж тохижуулжээ.
  • Энэ орчмын ойгоос хулгайн мод тээврийн гол гарц 2 замд хаалт хийж, гэрээт байгаль хамгаалагч тогтмол ажиллуулан хамгаалдаг болсон байна.
  • Сувилалынхаа эзэмшлийн талбайг тохижуулж, стандартын шаардлага хангасан бие засах газар, угаалгын газар, хог хаягдлын цэг зэргийг барих ажлыг “Чинмэнд” нөхөрлөлийнхөн өөрийнхөө хөрөнгөөр хийжээ. Мөн орчныхоо газрын хөрсийг элэгдэл бохирдлоос хамгаалах зорилгоор автомашины зогсоол, морины уяаны зориулалтын цэг бий болгожээ.
  • Мэргэжлийн зөвлөх ирүүлэн ажиллуулж, нутгийн иргэдэд ойд цэвэрлэгээ хийж гал түймрээс хамгаалах арга болон мод бут тарих сургалт зохион байгуулж, орчныхоо 1500 га талбайн ойн унанги, хаягдал мод мөчрийг түүж ойн захад гаргаж ойг цэвэрлэж, хөрсийг нь сийрэгжүүлэх ажил хийжээ.
  • Нутгийн иргэд, аялагч сувилуулагчдад байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомжуудыг сурталчилах арга хэмжээнүүд зохион байгуулж, сурталчилгааны самбар, тэмдэгүүд хийж онцлох газруудад байрлуулан мөрдлөг болгож байна.
  • Төслийн хүрээнд хийж буй ажлын явц, үр дүнг сум, багийн удирдлагууд болон иргэдэд танилцуулж, Бичигт хадны орчмын 500 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлүүлхээр ажиллаж байна.

П.Чимэг ахлагчтай “Чинмэнд” нөхөрлөлийнхөн нутгийн иргэдтэй хамтран “Дөлгөөн байгаль, дэлгэр амьдрал” төслийг хэрэгжүүлсэнээр дараах үр дүн гарчээ. Үүнд:

-Байгалийн үзэсгэлэнтэй Бичигт хадны орчмын байгаль орчныг хамгаалах ажлууд хийснээр энэ орчмын байгаль сэргэх хандлага ажиглагдаж, аялагч, амрагч сувилуулагчид, нутгийн иргэд  байгальтайгаа зөв зохистой харьцдаг болжээ.

- Ойгоос хулгайгаар мод тээвэрлэх гол гарц замд хаалт хийж, байгаль хамгаалагч тогтмол ажиллуулан хамгаалдаг болсоноор орчмынхоо ойд хууль бусаар мод бэлтгэх зөрчлийг эрс багасгаж чадсан байна.

- Нутгийн иргэдийн байгаль орчноо хамгаалах мэдлэг чадвар дээшилж, төсөл хэрэгжүүлэх хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг хараад үзэсгэлэнт байгалиа хамгаалж, байгальдаа сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ажиллаж амьдрах хүсэл мөрөөдөлдөө итгэл үнэмшилтэй болжээ.

“Дөлгөөн байгаль, дэлгэр амьдрал” төслийг хэрэгжүүлэгчид Бичигт хадны орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргуулж, үзэсгэлэнт байгалиа хамгаалж, амралт, сувилал, аялал жуулчлал эрхлэх замаар орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа сайжруулах зорилт тавиад ажиллаж байна.