ЖАРАМГАЙН ЦӨӨРӨМ нөхөрлөл

Монгол оронд загас үржүүлэх зорилгоор хийсэн цөөн тооны ажлууд нь байгалийн бэлэн нуур, цөөрөмд өөр газрын загасыг зөөвөрлөн авчирж нутагшуулан  цаашид байгалийн жамаар нь өсгөн үржүүлэх нөхцлийг бүрдүүлхэд чиглэгдэж байсан ба хиймэл нуур цөөрөм байгуулж, загас жараахай өсгөн үржүүлэх ажил санаачилж хийсэн хүнгүй, энэ ажил эхлээгүй байжээ.

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгийн иргэдийн “Жарамгайн цөөрөм” нөхөрлөлийнхөн хиймэл цөөрөм байгуулж, загас жараахай өсгөн үржүүлэх замаар Сэлэнгэ мөрний сав газрын байгаль орчин, гол усны экосистем, биологийн төрөл зүйлийг  хамгаалах замаар хүн амын хүнсний хэрэгцээнд экологийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлэх, хөдөөгийн иргэдийг амьжиргааны шинэ эх үүсвэртэй болгох, улмаар байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэж амьдрах аргыг өөрчилж байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхэлж амьдрах аргад шилжих үлгэр жишээг үзүүлэх зорилго тавиж, уг зорилгоо НҮБХХ-ийн ДДБОС-гийн ЖТХ-ийн төсөл хэрэгжүүлж, хиймэл цөөрөмд загас үржүүлж өсгөх ажлаа эхэлжээ. 

 

Энэхүү төслийг хэрэгжүүлэх хүрээнд дор дурьдсан үйл ажиллагаа явуулсан байна.

Юуны өмнө хиймэл цөөрөм болон ус хуримтлуулах далан бариж байгуулах аргын талаар уншиж судалж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсаны үндсэн дээр зураг, төсөв зохиож, далан байгуулах ажлаа хийсэн байна. Далангийн илүүдэл ус зайлуулалтыг усны дээд мандалаас халиах байдлаар хийх нь ноцтой гэж үзэж болохоор хэд хэдэн дутагдалтайг судалгааны явцад олж мэджээ. Тэдгээр дутагдлуудыг арилгах зорилгоор цөөрмийн даланг ёроолын ус зайлуулах системтэй, усны түвшинг цаг үеийн ажлын онцлог шаардлага, улирлын байдалд тохируулан өөрчилж байх боломжтой томоохон далан байгуулжээ. Даланг ёроолын ус зайлуулах системтэй байгуулсаны үр дүнд цөөрмийн усыг байнга хүчилтөрөгчөөр баялаг байлгах, загас төллөлт, өвөлжилт, загасыг барих усанд тавих зэрэг ажлын үед усны түвшинг тохируулах, цөөрмийн ёроол, голдиролыг цэвэрлэх, усны зарцуулалтыг багасгах, хэт замагжилт ургамалжилтаас сэргийлэх зэрэг асуудлуудыг нааштай шийдвэрлэх боломжтой болжээ. Тэдний байгуулсан далан нь ёроолоороо 8-10 метр өргөн, дээд талаараа 1,5-2 метр өргөн, 3-5 метр өндөртэй, 40 гаруй метр урттай юм. Загас төллөх болон өвөлжих цаг үед усны түвшинги хамгийн өндөр түвшинд хүргэж, зуны улиралд загас төллүүлэх цөөрмийг чөлөөлөх, өвлийн улиралд цөөрмийн дээд давхаргын мөсөн үеийг усны мандлаас тусгаарлах зорилгоор усыг дундач түвшинд тохируулах, намар өсвөр загасыг бариж өвөлжүүлэх усанд тавих болон цөөрмийг цэвэрлэх үед усыг хамгийн доод түвшинд байлгах боломжтой болсон байна. Даланг бариж байгуулах явцад цөөрөмд загас, жарамгай зөөж байршуулах ажлаа зэрэгцүүлэн хийсний дээр даланг байгуулах ажил дууссаны дараагаар ч үргэлжлүүлсэн байна. Цөөрөмд нас гүйцсэн загас биш, харин жарамгай зөөвөрлөн байршуулж, зохих насанд хүртэл нь бойжуулах зорилго тавижээ. Өсвөр болон нас гүйцсэн загасыг олоноор цөөрөмд байршуулах нь нутгийн загасчдын анхаарлыг татаж, тэдний халдлагад өртөж болзошгүй учир загас, жарамгай бариж зөөвөрлөх ажлыг ихэвчлэн шөнийн цагаар гүйцэтгэсэн байна. Энэ нь загас, жарамгайг бэртээж гэмтээхгүйгээр барих, хорогдолгүй зөөвөрлөх давхар зорилгыг агуулж байжээ.  

Далан байгуулсан эхний жилийн бүх улирлын туршид загасны нутагшилт, өсөлт үржлийн байдалд туршилт ажиглалт хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байжээ. Тухайлбал: Далан барих хугацаа нь загасны үржлийн болон идэш тэжээлийн нүүдлийн цаг үетэй давхацсан учраас хөөлөнхэй, өсвөр хадран зэрэг загас олоноор сүрэглэн цөөрмийн ус гадагшлаж байгаа хэсэгт тосч байсан тул ёроолын ус зайлуулах хоолойг нээлттэй байдлаар хэд хоног байлгахад уг сүргүүд бөөнөөрөө эдний байгуулсан цөөрөмд орж ирсэн байна. Эдгээр нь цаашид өсч торинон, үржин олширч цөөрмийн идэш тэжээлийн гол нөөцийг бүрдүүлсэний дээр загас болон түрс, жарамгай зөөж тээвэрлэх ажлыг нь ихээхэн хөнгөвчилсөн юм байна.  

Далан бариж дуусаад тодорхой хугацаа өнгөрсөний дараа буюу далангийн суулт бүрэн гүйцэд явагдсан үед нь далангийн овоолгыг невиллер тавиж тэгшлэн, үерээс хамгаалах идүүдэл ус гаргах суваг татжээ. Ашиглалтын хугацааг нь уртасгах болон хулгайн халдлагад өртүүлэхгүйн тулд ус зайлуулах сувгийг Солонгос улсад үйлдвэрлэсэн өндөр даралтын хуванцар хоолойгоор хийжээ.   

Энэ төсөл хэрэгжүүлэх хүрээнд гүйцэтгэсэн нэлээд бэрхшээлтэй боловч чухал ажил бол цөөрөмд хүрэх 30 м орчим өндөртэй огцом дэнжийг тээврийн хэрэгслээр давах зам засварын ажил байжээ. Хэт огцом хэвгий газар байсан учир далан барих үеэр ажилласан техникийн хүчээр зам засварын ажил хийх боломжгүй болж, зөвхөн гар ажиллагаагаар гүйцэтгэх шаардлагатай болжээ. Ийнхүү нөхөрлөлийн гишүүд цөөнгүй хоног ажиллаж, ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсаны үр дүнд цөөрөм хүрэх замыг засч чадсан байна.  

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр дор дурьдсан үр дүнд хүрсэн байна.

  • Ус хуримтлуулах далантай цөөрөм байгуулж, туршилт, тохируулга хийж, тодорхой тооны загас, жарамгай зөөвөрлөн авч ирж байршуулсан нь хэвийн бойжиж төслийн үндсэн зорилго амжилттай биелсэн байна.
  • Хиймэл цөөрмийн даланг бариж байгуулсанаар орчмын нутгийн төрс, жарамгайг хамгаалалтад авч, зөөвөрлөн бойжуулж, тодорхой насанд хүрсэний дараагаар гол мөрөнд тавиж байгалийн нөөцийг нэмэгдүүлэх, зах зээлд нийлүүлж хүнсний хангамжийг нэмэгдүүлэх болсон байна.
  • Загас өсгөж үржүүлэх хиймэл цөөрөмтэй болсоноор нөхөрлөлийн гишүүд орлогын шинэ эх үүсвэртэй болж, цаашид үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэх замаар амьжиргааныхаа түвшинг дээшлүүлэх боломжтой болохыг ойлгож мэдээд, бат итгэлтэй ажилладаг болсон байна.
  • Нутгийн цөөнгүй иргэд энэхүү төслийн үр дүнтэй танилцаад байгальдаа ээлтэй, амьдралд ач тустай ажил болохыг ойлгож мэдээд, Сэлэнгэ мөрний дагуу цөөрөм байгуулж, загас үржүүлэх ажил хийхээр шийдээд байна.

Нутгийн иргэдэд байгаль орчноо хамгаалах, амьжиргаагаа дээшлүүлэх талаар бодож санаснаа хэрэгжүүлэх санхүүгийн боломж хязгаарлагдмал байгаа өнөөгийн нөхцөлд ДДБОС-гийн ЖТХ-өөс үзүүлж буй дэмжлэг тусламж нь цаг үеэ олсон, Монгол орны байгаль орчныг хамгаалах, хүн амын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр болж байна гээд “Жарамгайн цөөрөм” нөхөрлөлийнхэн талархал илэрхийлж байлаа.