БАТНОМИН СУВАРГА нөхөрлөл

Онги голын Цагаан бургас нэртэй тохойн 20 орчим га газарт Каспийн цагаан бургас хэмээх бургасан төгөл ургаж байгалийн ховор үзэсгэлэнг бүрдүүлж байдаг нь Монгол орны ойт хээр, тал хээрийн торгон зааг дээр оршдог, түүх соёлын дурсгалт булш, бунхан, хөшөө тэргүүтнээр хүрээлүүлсэн байгаль, түүх соёлын дурсгалт, нэн үзэсгэлэнт газар юм.

Монгол оронд бурхны шашныг дэлгэрүүлэхээр III Далай лам Содномжамцыг үүгээр залран өнгөрөхөд энэ бургасан төгөл ургаад үлдсэн, хожим XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч Эрдэнэ бишрэлт мэргэн Бандида Ш.Цэвэлваанчигдорж гэгээнтэн энд нинбо даяанаа хийж зохиол бүтээлээ туурвиж байсан гэх домог түүхтэй газар ажээ. 

Дэлхийн дулаарал, Онги голын усны татралт, цөлжилт, хүн малын элдэв зохисгүй үйл ажиллагааны уршгаар энэ бургасан төгөлийн 80-90 хувь нь хөгширч цаашид устаж үгүй болох аюул нүүрлэсэн байна. 1990-ээд оны үеэс энэ төгөлд зохион байгуулалтгүй аялал зугаалга хийгдэж, хүмүүс дуртай газраа ил задгай гал түлж, бургас модыг түлшинд их хэмжээгээр хэрэглэж, зуд турханд үхсэн малын сэг зэмээр бохирлогдож, хог хаягдлаар дүүрч бургасан төгөл бузартаж устах аюултай тулгарсан байна.

Ийм цаг үед тус сумын унаган иргэн, Төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Ш.Нэргүй Цагаан бургасан төгөлийг хамгаалах зорилгоор ойн тухай хуулийн заалтын дагуу “Батномин суварга” малчны нөхөрлөл 2007 онд санаачлан байгуулж Цагаан бургасан тохойг олон жилийн хог хаягдалаас нь ангижруулах, бургасан төглийг хамгаалах заавар журам гаргаж мөрдсөнөөр төгөлийг устаж үгүй болох аюулаас аврах ажил эхлэжээ.

Бургасан төгөлөө хамгаалах талаар төсөл, төлөвлөгөө хийж төв, орон нутгийн цөөнгүй  байгууллагад хандаж байсан боловч тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгууллага байсангүй. Харин 2008 онд ДДБОС-гийн ЖТХөтөлбөрт “Цагаан бургасан тохойг хамгаалах, нөхөн сэргээх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг өргөн барьсныг маань хүлээн авч төслийг хэрэгжүүлхэд санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг туслалцаа бидэнд үзүүлсэн нь манай нөхөрлөлийн хамт олонд ихээхэн урам хайрлаж, бидний хийж бүтээх их ажлын үндэс суурь болсон юм гэж “Батномин суварга” нөхөрлөлийнхэн үздэг байна.

Тус нөхөрлөлийн ахлагч, Төслийн удирдагч Ш. Нэргүй нь Монголын байгаль хамгаалах анхны ТББ-ыг байгуулалцсан, байгаль орчныг хамгаалах асуудлаар цөөнгүй бүтээлч саналууд дэвшүүлэн тавьж байдаг, олон тооны ном бүтээл туурвисан өргөн мэдлэгтэй, арвин туршлагатай Төр захиргааны байгууллагын ахмад ажилтан юм.

Төслийг хэрэгжүүлхээр дор дурьдсан ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

  • Цагаан бургасан тохойн машин техник, хүн малын хөлд илүү ихээр талхлагдаж байсан 4 га газрыг эхний ээлжинд сонгон авч Онгийн голоор хүрээлэгдээгүй  2 га газрыг хашаалж хамгаалснаар төслөөр тавьсан зорилтоо биелүүлжээ.
  • Төсөл хэрэгжүүлэх хүрээнд 3,0 га орчим газрыг хашаажуулсаны дээр булгийн эхийг хашиж хамгаалан, тарьц суулгацыг услах худаг гаргаж, усалгааны болон бусад холбогдох тоног төхөөрөмж, техник хэрэгслийн талаар судалгаа хийн, тодорхой мэдлэгтэй болж, усалгааны асуудлыг бүрэн шийдсэн тул мод үржүүлэх ажлыг эрчимтэй хийх боломжтой болжээ.    
  • Уг төслийнхөө үр дүнд урамшин зоригжсон тэд өнгөрсөн 2 жил хүрэхгүй хугацаанд нэмж 3 га газрыг хашиж хамгаалан 400 ширхэг чацарганы суулгацыг суулган, бургасыг мөчрөөр нь үржүүлэх ажил эхэлж, палантацид 1510 ширхэг бургасыг мөчрөөр нь  үржүүлээд байгаа бөгөөд 2010 оны хавраас 2000-3000 ширхэг бургасыг нэмж үржүүлэхээр төлөвлөөд байна.
  • Жижиг хүлэмж байгуулж өргөст хэмх, улаан лооль, зарим төрлийн жимс жимсгэнэ, цэцэг тариалах ажил эхэлжээ.
  • Цагаан бургасан тохойд зорчих замын тэмдэг тэмдэгжүүлэлт хийж, жуулчны маршрутын зураг, байгаль хамгаалах ажилтай холбоотой төрөл бүрийн сурталчилгааны самбартай болжээ.
  • Нөөц бололцоогоо дайчлан нөхөрлөлийнхөө гишүүдэд мод бут тариалах, арчлах, үржүүлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтууд үе шаттай зохион байгуулсаны дээр Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй сурагчид мод бут тарималжуулах сургалт явуулж зохих мэдлэг эзэмшүүлжээ.
  • Төсөл хэрэгжүүлэх хүрээнд хийж байгаа ажлынхаа үр дүн, Цагаан бургасан тохойн байгалийг хамгаалахад тулгарч байгаа асуудлуудыг сумынхаа ИТХ, ЗДТГ болон аймгийн БОАЖ-ын газарт танилцуулж, ач холбогдлыг нь харилцан ойлголцож дэмжлэг туслалцаа авч ажилладаг болсон байна.

 

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрсэн байна. Үүнд:

  • Байгаль, түүхийн дурсгалтай, үзэсгэлэнт ийм газарт ДДБОС-гийн ЖТХ-ийн дэмжлэгтэй төсөл анх удаагаа хэрэгжсэн нь тухайн орон нутгийн малчдаас эхлээд аймаг, сумын удирдлагын талархлыг ихэд хүлээжээ. Ялангуяа уг төслийг хэрэгжүүлэгч малчдын нөхөрлөлийн хамт олон ихээхэн урамшиж цаашид энэ чиглэлээрээ тогтвортой ажиллах эрч хүчийг бидэнд өгсөн гэж тэд үзэж байна. Энэ төслийг хэрэгжүүлснээр сум орон нутгийн удирдлагуудаас эхлээд жирийн иргэдийн сэтгэлгээнд ч өөрчлөлт орж, нөхөрлөлийн гишүүдийн зүгээс хийж буй ажилд анхаарал хандуулж байгаа нь бургасан төгөлөө хамгаалж аврах, нөхөн сэргээх гэсэн нутгийн иргэдийн зорилго тогтвортой биелэгдэх үндэс суурь болжээ.  
  •  Урьд өмнө нь ой мод болон бэлчээрийг хашиж хамгаалах, төрөл бүрийн мод, бут тариалах ажил хийж байгаагүй нутгийн иргэд Цагаан бургасан тохойн бургасан төгөлийг бүхэлд нь  хамгаалах талаар хэрхэн яаж ажиллах арга замын мэдлэгтэй болжээ. Ийнхүү цаашид хийж хэрэгжүүлэх ажлын эхлэл, суурь үндэс болсон энэ төслийнхөө үр дүнд тулгуурлаад Цагаан бургасан төгөлийг бүхэлд нь хашиж хамгаалах төрөл бүрийн жимс жимсгэнэ, чацаргана болоод гоёл чимэглэлийн моддыг тарьж ургуулах, бургасыг мөчрөөр нь үржүүлэх, ирээдүйдээ мод үржүүлгийн газар байгуулж ажиллах нь зүйтэй юм гэж хэтийн зорилгоо тодорхойлоод ажиллаж байна.
  •    Байгаль орчноо хамгаалах ажлыг нутгийн иргэд малчдын нөхөрлөл болон тухайн газар нутгийг эзэмшиж буй иргэдийн хүч чармайлтад тулгуурлаж хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй болохыг харуулсан бодит ажил болжээ. “Батномин суварга” нөхөрлөлийн гишүүдээс гадна энэ нутгийн 10 шахам айл өрхийн хориод малчдад орчныхоо байгалийг хамгаалах үлгэр дууриалал болсоны дээр гадаад дотоодоос ирсэн аянчин жуулчдад ч эко туризмыг хөгжүүлэх бодит суртачилгаа болсон байна.
  • Төсөл хэрэгжүүлэх явцад малчны нөхөрлөлийн гишүүд төрөл бүрийн мод бут, жимс, жимсгэнэ, цэцэг тарих, арчлах, ургуулах зэрэг цоо шинэ ажилд суралцаж энэ чиглэлээрээ ажиллах дадлага туршлагатай, дур сонирхолтой болжээ. Нөхөрлөлийн гишүүд чацаргана болон төрөл бүрийн жимс жимсгэний модны суулгацны чанарыг таних, тарих аргачлал, арчлах ургуулах технологийг эзэмшиж, бургасыг мөчрөөр нь үржүүлэх ажилд суралцаад цаашид бие даан хэрэгжүүлэх  чадвартай болжээ.
  • Цагаан бургасан төгөлийг хамгаалах төсөл хэрэгжсэнээр тодорхой хэмжээний бэлчээр хадлангийн талбай хамгаалагдаж, эндээс наад зах нь 20,0-50,0 тн хадлан бэлтгэх боломжтой болсон байна.
  • Цагаан бургасан төгөлийг хамгаалах, нөхөн сэргээх, экотуризмыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажилтай “Онги гол хөдөлгөөн”-ийхэн, БОАЖЯ-ны ажилтнууд, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын ажлын хэсэг зэрэг гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд үзэж танилцаад ажлын эхлэлд “хангалттай” гэсэн дүгнэлт хийж, санал зөвлөгөө өгч байсан байна.

“Батномин суварга” нөхөрлөлийнхэн төсөл хэрэгжүүлхээр хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнд тулгуурлаад дор дурьдсан зорилтууд тавиад ажиллаж байна.

  • Жил бүр 2-3 мянган ширхэг бургасыг мөчрөөр үржүүлэх ажлыг хоёр ээлжийн палантацид хийж, аймаг, сумын аж ахуйн нэгж, байгууллагуудад нийлүүлэх.
  • Жуулчны баазын орчин дахь 0.5 га газарт төрөл бүрийн жимс, жимсгэнийн мод бут тариалж, цэцгийн мандал хийж, хүлэмжээр өргөст хэмх, улаан лооль, зарим төрлийн модны үрслэг тариалах
  • Төрөл бүрийн мод, бут үржүүлэх, цэцэг жимс тарималжуулах, мод үржүүлгийн газартай болох.
  • Өрөхангай аймгийн хангай, тал хээрийн бүс нутгийн ховор ургамлуудыг тарималжуулж байгалийн цэцэрлэгт хүрээлэн, ургамлын музей байгуулах
  • Өөрсдийн хуримтлуулсан туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах сэтгэлгээнд сургах ажлын эхлэлийг тавих, мод үржүүлгийн болон байгаль хамгааллын сургалтын төв бий болгох. Аймгийнхаа хэмжээнд байгаль хамгаалах, мод бут, жимс жимсгэнэ үржүүлэх, сургалт сурталчилгааны төв болох зорилготой ажиллаж байна.

Энэ бүхний дүнд Цагаан бургасан тохойг цэцэрлэгт хүрээлэн, мод үржүүлгийн газартай, байгаль орчноо үлгэр жишээ хамгаалан экотуризмыг хөгжүүлэх үйлсээр Монгол улсдаа үлгэр жишээ, загвар болохуйц цогцолбортой болох зорилго тавиад ажиллаж байна.