Загасны үржлийн цөөрөм хамгаалагсад

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт Орхон голын сав газарт Таван толгой уулын хар ус хэмээх газарт орших цөөрөмд энэ нутгийн голын загаснууд үржлийнхээ цаг хугацаанд цугларч, энд Орхон голын загасны үржил явагддаг юм байна. Сүүлийн жилүүдэд энэ цөөрөм орчмын газар, бэлчээр нь хүн малын хөлд талхлагдаж, цөөрмийн эргэн тойрны болон голын эрэг орчмын бургасыг түлшинд ихээр хэрэглэх болсоны дээр загасыг үржлийн үед нь агнах зэргээр энэ нутгийн биологийн голлох зүйлүүдийн нэг болох загасны амьдрах орчин ихээхэн доройтож байгаад нутгийн иргэд санаа зовж, энэхүү доройтлыг хязгаарлан зогсоох арга замын эрэл хайгуул хийж болжээ.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутгийн иргэдийн Ч.Ганболд ахлагчтай “Ишгэнт нуур” нөхөрлөлийн хамт олон нутагтаа орших загасны үржлийн цөөрмийг хамгаалалтандаа авч, Тавантолгойн хар ус орчмын биологийн төрөл зүйлүүд, хүрээлэн буй орчныг хамгаалах, нутгийн иргэдийн байгаль орчиндоо хандах хандлагыг өөрчлөн сайжруулах зорилготой төсөл боловсруулж, ДДБОС-гийн ЖТХ-ийн Газрын санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэгтэй хэрэгжүүлжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх хүрээнд дор дурьдсан үйл ажиллагаа явуулсан байна.

- Таван толгой уулын хар ус хэмээх газарт орших цөөрмийг нөхөрлөлийн хамгаалалтанд авах талаар орон нутгийнхаа төр захиргааны байгууллага, нутгийн иргэдтэй зөвшилцөн тохиролцсоны үндсэн дээр төслийн хүрээнд хийх ажлаа төлөвлөн эхлэж, нэн түрүүнд харуулын 2 байр бариж, цөөрмийн орчныг байнгын харуул хамгаалалттай болгожээ. 

- Цөөрмийг тохижуулж, загасны үржил явагдах тааламжтай орчин нөхцөл бий болгох зорилготой ажлуудыг хийсэн байна. Тухайлбал: цөөрмийн эргийг өндөрлөх, голоос урсан орох элсний нүүдлээс цөөрмийг хамгаалах далан босгох ажил хийсний дээр бассейны байр нэгийг барижээ. 

- Цөөрмийн орчмын Орхон голын сав газрын бургасыг хамгаалах зорилгоор эргүүл ажиллуулж, сумын байгаль орчны хяналтын байцаагчтай хамтран хяналт шалгалт хийж, зөрчлүүдийг илэрүүлэн таслан зогсоох, нутгийн иргэдэд холбогдох хууль, тогтоомжуудыг сурталчлан ойлгуулах ажил зохион байгуулжээ. 

- Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр хийж байгаа ажлынхаа зорилго, ач холбогдлыг нутгийн иргэдэд ойлгуулж, тэдний дэмжлэг туслалцаанд түшиглэх зорилгоор багийн Иргэдийн Нийтийн Хуралд үйл ажиллагааныхаа тайланги 2 удаа танилцуулжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр дор дурьдсан үр дүнд хүрчээ. Үүнд:

-Цөөрөм орчмын байгалийг тогтмол хамгаалах тодорхой эзэнтэй болж, Орхон голын эрэг орчмын нойтон бургасыг түлшинд хэрэглэх, загасыг үржлийн үед нь агнах зөрчил гарах явдлыг бүрэн зогсоосон байна.

- “Ишгэнт нуур” нөхөрлөлийн загасны үржлийн цөөрөм, орчны нь байгалийг хамгаалахаар хийж байгаа ажлын үр дүнг харсан нутгийн иргэдийн байгаль орчин, бэлчээр, нутаг усаа хамгаалах идэвх оролцоо нэмэгдэж, малчдын 3 бүлэг үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлэсэн байна.  

-“Ишгэнт нуур” нөхөрлөлийнхөн энэхүү төслийг хэрэгжүүлснээр эзэмшиж хамгаалах өөрийн газар нутагтай болсон төдийгүй цаашид нөхөрлөлийн гишүүд орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх эх үүсвэртэй болжээ.

Ч.Ганболд ахлагчтай “Ишгэнт нуур” нөхөрлөлийн хамт олон энэхүү төсөл хэрэгжүүлэх явцад хүрсэн үр дүн, ололт амжилтаа бататган үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилт тавиж, нэн ховордсон зүйлийн загасыг нутагшуулах, цөөрмийн эргэн тойрныг хамгаалалтын иж бүрэн системтэй болгох, байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр нутгийнхаа иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор жуулчны бичил бааз байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.