Жимс, загас үржүүлэгчид

Газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил ажилласан туршлагатай тариаланч Г.Лувсанням өндөр насныхаа чөлөөнд гарсныхаа дараа нутгийнхаа иргэдтэй хамтарч “Бат дэм” нөхөрлөл байгуулаад ДДБОС-гийн ЖТХ-ийн дэмжлэгтэй жимс жимсгэнэ тарих, загас үржүүлэх төсөл хэрэгжүүлэх ажил хийжээ. Төсөл хэрэгжүүлэх хүрээнд 1,5 га газрыг хашиж хамгаалан чацаргана, үхрийн нүд тариж, жимс жимсгэний суулгац үржүүлэх ажлаа эхэлсэн байна. Одоо жилд дундачаар 30 мянга орчим ширхэг суулгац бэлтгэж ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад худалдан борлуулж жимсний мод тариалж орчоо ногооруулан орлогоо нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж байна. Тариж ургуулсан жимсний модноосоо 2011 онд анхны жимсээ хураан авчээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр 15 хүнийг тогтмол ажлын байртай, орлоготой болгож, жимс, жимсгэнэ, төрөл бүрийн модны суулгац үржүүлэн, мод үржүүлгийн талбай бий болгож чацаргана, үхрийн нүд, монос, бэсэргэнэ, улаалзгана, давжаа алим, нохойн хошуу, хайлаас, улиас, шар хуйас, агч, говийн харгана, хүрэн сухай, интоор, тошлой, бөөрөлзгөнө, өргөсгүй чацаргана зэрэг 15 нэр төрлийн жимсний суулгац, манай орны нөхцөлд ургах чадвартай гоёлын моднууд тариалан ургуулж зах зээлд нийлүүлж байгаагаас гадна 2008 онд талбайгаа өргөжүүлж, нэг худаг шинээр гарган хашаажуулж 2009 оноос чацаргана, монос, үхрийн нүд, улиас нэмж тариалжээ. Ойрын жилүүдэд жимсний шүүс, жимсний чанамал, чацарганы тос зэрэг бүтээгдхүүн үйлдвэрлэж байгаа арга технологоо улам боловсронгуй болгож, өнгө үзэмж, амт чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хэрэглэгчдэд танигдсан хамт олон болхоор ажиллаж байна.

НҮБХХ-ийн ЖТХ-ийн газраас төсөл хэрэгжүүлэгчдэд зориулж жимсний суулгац тариж ургуулах, загас зөгий үржүүлэх арга технологи эзэмшүүлэх сургалтууд зохион байгуулж, өндөр мэдлэгтэй арвин туршлагатай эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, холбогдох заавар зөвлөмж бүхий гарын авлага, номнууд  өгсөн нь бидний ажилд ихээхэн ач холбогдолтой, маш их үр дүнтэй арга хэмжээ болсон юм гэж тэд онцлон сайшааж байлаа. Энэ сургалтуудад эдний нөхөрлөлөөс хамрагдаж суралцсан таван хүн сурсан мэдсэнээ нөхөрлөлийнхөө бусад гишүүдэд зааж сургах замаар заавар зөвлөмжүүдийг хэрэгжүүлж байгаа юм байна.

Хөшөөтэй цагаан гэдэг газарт орших нуурыг иргэдийн хамгаалалтад авч, байнгын харуул хамгаалалттай болгохын тулд дэргэд нь харуулын байр, орон сууц, загас үржүүлгийн байр зэргийг бариж ашиглалтад оруулж, тогтмол ашиглах болжээ. Мөн нуурыг тойруулан хамгаалалтын хашаа бариж, сазан, карас, соом зэрэг төрөл зүйлийн загаснуудыг 2007-2008 онд нууртаа хийсэн нь сайн үржиж одоо энэ нуур маш олон тооны жижиг загастай болсон байна. Мөн нуурынхаа эрэг орчимд хайлаас, улиас, үхрийн нүд, чацаргана, монос зэрэг мод жимс тариалан ургуулжээ. Хөшөөтийн цагаан нуурын хамгаалалт сайжирсаны үр дүнд энэ нууранд үржүүлхээр тависан загас устаж байсан гашуун түүх домог болж, гадны элдэв халдалгаас бүрэн хамгаалж байгаагийн үр дүнд загаснууд нь үржиж олширсоор байна. Мөн ХААИС-ийн загас судалдаг эрдэмтэн багш нараар судалгаа хийлгэж, хичээл заалгаж, заавар зөвлөмж авч ажилласан нь их ач холбогдолтой арга хэмжээ болжээ. Загас үржүүлэх ажил хийж байгаа 2 хүнийг байнгын ажлын байртай болгосны дээр тэдэнд зориулан орон сууц, малын өвөлжөөний хашаа хороо бариж, саалийн арав орчим үнээтэй болгожээ.

Загас үржүүлэх ажил хийж туршлага хуримтлуулсан нөхөрлөл ховор тул энэ “Бат дэм” нөхөрлөлийнхэн НҮБХХ-ийн ЖТХ-ийн загас үржүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бусад дөрвөн нөхөрлөлтэй байнгын холбоо тогтоож, харилцан мэдээлэл солилцож, арга туршлагаас нь суралцаж байна.